
Гэрийн хул шоргоолж бол шавжийн ангийн сарьсан далавчтны багт багтана. Орон сууцанд гэрийн хул шоргоолж (Monomorium pharaonic h) цэцэрлэгийн (Lasius niger, Lasius alienus) зэрэг 4 зүйлийн шоргоолж тохиолдож байна. Гэрийн хул шоргоолж нь дулаан байр тасалгаанд, цэцэрлэгийн хар шоргоолж байрны ойр орчим, харин бусад шоргоолж байрын дотор болон гадаа аль алинд нь үүрлэнэ. Хул шоргоолж нь бүлээр амьдрах бөгөөд нэг бүлд хэдэн арван зуун мянгаас сая хүртэл бодгал багтана. Нэг бүл нь эр эм ажилчин шоргоолжноос бүрдэнэ. Эр, эм шоргоолж нь далавчтай, ажилчин шоргоолж далавчгүй байна.
Гэрийн хул шоргоолжийн биеийн бүтэц: Ажилчин шоргоолжийн биеийн урт 1,7-2,5 мм, эм нь 3-4 мм, эр нь 2,8-3 мм байх бөгөөд 17 мянган бодгал нэг грамм хүнд болно. Ажилчин шоргоолжийн биеийн өнгө алтлаг шар, эмийнх хэвэл хар, эр нь хар бараан байдаг. Эм шоргоолж 15 жил хүртэл амьдардаг байхад эр нь тун богино хугацаатай насална. Эм ажилчин шоргоолж адилхан үр тогтож өндөг гаргах боловч авгалдайн үеийн хоололтын чанар хэмжээнээс шалтгаалан хоолоор ядмагийн бэлгийн эрхтэн дутуу хөгжих ажилчин шоргоолж болно. Шоргоолж жилийн туршид үржиж тархана. Ялангуяа зун намрын улиралд идэвхжинэ. Энэ хугацаанд 5 мянгаас 30 мянган хүртэл үр удмыг төрүүлнэ.
Авгалдай. Авгалдайн хөгжил 3-4 долоо хоног байх боловч температур, идэш тэжээлийн хүрэлцээ зэрэг гадаад орчны нөхцөлөөс шалтгаална. Өндөгнөөс бие гүйцсэн шоргоолж болох хөгжлийн хугацаа 38-50 өдөр үргэлжилнэ.
Хооллолт. Хул шоргоолж нь элдэв холимог идэшт шавж тул мах, гурил, чихэрлэг болон бусад зүйлээр хийсэн хүнсний бүтээгдэхүүнээр хооллож тэдгээрт нэвтрэн орж бохирдуулж хэрэгцээгүй болгоно. Хоол тэжээл, усгүйгээр шоргоолж 3 өдрөөс илүү амьдарч чадахгүй. Мөн үхсэн ялаа, жоом, зөгий зэрэг шавжаар хооллох дуртай.
Хул шоргоолж нь орон сууц, эмнэлэг, хүүхэд сувиллын байгууллага, нийтийн хоол хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр, агуулах зэрэг газарт байрлана. Ер нь үүрээ далд хол засаж тэндээсээ байрын доторх нүх сүвээр дамжин хоол эрж хайна. Мөн дулаан чийглэг өрөө, халуун ус, угаалгын газар, гал тогоо, бие засах цэгт ан завсар, давхруудын хоорондох зай хөндий зэрэгт үүрээ засдаг.
Гэрийн хул шоргоолжийн хор нөлөө. Гэрийн шоргоолж нь хүн, мал ялангуяа толгойдоо шарх идээтэй нялх хүүхэд, өвчтэй хүнд довтолж тайван байдлыг алдагдуулахаас гадна хөлс, шүлс, нусыг идэж идээ бээрийг ухах, нас барсан хүний цогцсоор хүртэл хооллоно. Ийм учраас өвчтөний боолт, халдварт материал, ялгадас, бохир зүйл дээгүүр тэнүүчлэн хооллож хагалгаа, ажлын өрөө, багаж хэрэгсэл, зүүг бохирдуулан өвчний микробыг дамжуулна. Ялангуяа балнад, цусан суулга, сүрьеэ, тарваган тахал, боом үүсгэгч зэрэг элдэв бичил биетнийг механикаар тараадаг гэж үздэг.
