БОР ХАРХ

Ruttus norvegicus Berkenhout, 1769

Биеийн галбир, хэмжээ зүс: биеийн ерөнхий галбир хулганатай төстэй боловч илэрхий биерхүү. Биеийн урт 150-250 мм, сүүлний урт 100-220мм, хойт тавхайн урт 27-44мм, чихний урт 17-22мм. Биеийн жин 200-500 г. Биеийн нуруун тал бараавтар-бор буюу цайвар-бор. Сүүл нүцгэн. Толгойн ясны кондилобазаль урт 39-44мм, шанааны өргөн 19-26мм.

Амьдралын онцлог: Өвөлд өдрийн идэвхтэй, зуны үед бүрэнхий болон шөнө идэвхтэй. Байгалийн нөхцөлд голын эргээр нүх ухаж амьдрана.

Идэш тэжээл: Ургамал болон сээр нуруугүй амьтдаар хооллох тул холимог идэштэй амьтан. Ургамлын үр, амьтны гаралтай тэжээл, хог хаягдал зэрэг элдэв зүйл иднэ.

Үржил: Хээл тээх хугацаа 20-30 хоног. Жилд 2-3 удаа төллөх бөгөөд төллөх бүрдээ 7-8, түүнээс олон гөлчгий төрүүлнэ. Байгалийн нөхцөлд 4 жил орчим насална. Зарим эх сурвалжид 10-12 удаа зулзагалах чадвартай гэсэн байна.

Амьдрах орчин: Ойт хээр, ой, хот суурин газар, түүний ойролцоо гэр сууц, агуулахад элбэг тохиолдоно. Хүний суурьшил дагаж амьдарна.

Хор хөнөөл: Хөдөө аж ахуй, газар тариалангийн болон агуулахад маш аюултай хортон мэрэгч юм. Хүнсний болон бараа материалыг идэж, хөнөөх, бохирдуулахаас гадна барилга байшин, бараа материалыг гэмтээж хохирол учруулах. Мөн суурин газарт цахилгаан тоног төхөөрөмж болон хот суурингийн нэгдсэн цахилгааны кабелийг мэрж гэмтээж асар их хохирол учруулах бололцоотой. Бор хархны бүүрэг нь хүнийг хазсанаар тахал өвчин дэгдэх бололоцоотой.

Leave a Comment