БҮҮРЭГ /Siphonaptera/

A flea, Siphonaptera SEM

Бүүрэг бол хөхтөн амьтад, шувуунд паразитлагч цус сорогч жижиг шавьж юм. Дэлхийд 3000 гаруй зүйл бүртгэгдсэнээс ахуйд тохиолдох 10 гаруй зүйл их хор холбогдолтой үүнээс ахуйн нөхцөлд гол төлөв хүн, гэрийн тэжээвэр амьтдын бүүрэг. Үүнд: Нохой, муур, гэрийн тэжээвэр туурайтан  (хонь, ямаа), түүнчлэн тахиа бусад гэрийн тэжээвэр шувуудын бүүрэг багтана. Манайхны <<нохой бөөс>> гэж буруу нэрлэж зуршсан (P. irritans) хэмээх зүйлийн бүүрэг орон сууцанд амьдрахаас гадна араатан амьтад болон нохойд паразитлана. Энэ бүлэгт харх, гэрийн хулгана зэрэг ахуйн хортон мэрэгчдийн бүүрэг оролцоно.

Бүүрэгний биеийн гадаад дотоод бүтэц.

            Бүүрэгний толгой, их бие хажуунаасаа хавчигдсан олон тооны өргөс, үс, шүд бүхий бэх бат, уян хатан кутикулаар хучигдана. Хавтгай шүдүүд толгой цээжин дээр эгнээгээр байрлаж самц үүсгэнэ. Эдгээрийн хурц үзүүр биеийг дагаж ар тийшээ чиглэж байрласан байдаг учир бүүрэг эзэн амьтны өд, сөд, үс ноолуур дундуур урагш давшиж хөдлөх хөдөлгөөнийг хөнгөвчилнө. Үүний зэрэгцээ бүүрэгний самц шүдний завсар хооронд эзэн амьтны үс ноолуур хавчуулагдаж, бүүрэг цус сорох үедээ их бие, толгойгоо тайван байдалд байлгана.  Бүүрэгний өргөс, үс, самц, шүд нь хүүлийн өнгө шаравтраас хар хүрэн байна. Олон зүйлийн бүүрэгний биеийн урт 0,75-5 мм байх бөгөөд эрээсээ эм нь том биетэй байдаг.

            Бие гүйцэхийн өмнөх шатны хөгжил. Эм бүүрэг өндгөө эзэн амьтны үс ноолуур, тэжээлийн тасалгаа, нүх, шувуу, хөхтөн амьтдын үүр ноохой, хэвтэрт гаргадаг.

            Өндөг. Бүүрэгний өндөг мохоо үзүүртэй, зууван дугуйвтар хэлбэртэй, өндөгний өнгө сүүн цагаан, саарал, гялалзсан цагаан зэрэг янз бүр байна. Өндөгний хэмжээ 0,5 мм орчим, орчныхоо юмны гадаргад маш амархан наалдана.

            Авгалдай. Бүүрэгний авгалдай хөлгүй, хорхой хэлбэртэй. Өндөгнөөс авгалдай гарч хоёр дахин гуужаад гурав дахь шатыг дамжиж хөгжинө. Авгалдайн гурав дахь шатанд биеийн урт 5-8 мм, зарим томоохон нь 1 см хүрнэ. Бүүрэгний авгалдай ихэнхдээ цайвар, хар саарал байх боловч хар өнгөтэй байх нь ховор. Ер нь ихэнх бүүрэгний авгалдай бие гүйцсэн бүүрэгний ялгадсаар хооллодог.

            Хүүхэлдэй. Хүүхэлдэйлэхийн өмнөх авгалдайн хөгжлийн гурав дахь үе шатанд хөдлөх хооллох явдал татарч, биеийн гадуур торгомсог бүрхүүлээр хучигдана. Бүрхүүлийн дотор авгалдай гуужиж хүүхэлдэй болон хувирч, бие гүйцсэн бүүрэгтэй төсөөтэй байх боловч хөдөлж хооллохгүй. Хүүхэлдэйн хөгжилт явагдаж бие гүйцсэн шавьж болон хувирч бүрхүүлийг духны шүдний тусламжтай урж бүрхүүлээс гарна.

            Бүүргийн хор нөлөө. Хот суурин газрын ахуйн хортон мэрэгч харх, гэрийн хулганы паразит бүүрэгнүүд хуурамч сүрьеэ, листериоз, эризипелойд гэдэсний балнад, боом өвчний нянг дамжуулна. Нохой, муур, гэрийн хулгана, хархны бүүрэг гэдэсний балнад, риккетсийн халдварын үүсгэгчийн тархахад онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ. Халдвартай бүүрэгний ялгадас хүний ам хамар, нүдний салст бүрхэвч, гэмтсэн арьсаар дамжин халдвар үүсгэнэ. Нохой, муур, хүний бүүрэг нь хүн, харх, нохойн тууз хорхойн завсрын эзэд болдог. Зарим үед хүүхэд, нас бие гүйцсэн хүмүүс тогтмол тууз хорхойгоор халдварласан байдаг нь эдгээр бүүрэгнээс шалтгаалж болох юм.

Leave a Comment