
Бясааны багаас Triatoimdae, cimicidae-ийн овгийн төлөөлөгчид хүний орон сууцанд амьдардаг, ахуйн хортон шавжууд юм. Эдгээр цус сорогч ахуйн хортон шавжийн эр, эм шавж хоёулаа цус сорогчид юм. Triatoimdae овгийн шавжнууд халуун оронд тархсан хурц өнгөлөг далавчтай, том биетэй байдаг. Харин cimicidae овгоос цимекс, эциакусын төрөлд багтах цус сорогч бясаануудыг ахуйн хортон шавжинд тооцно.
Цимексийн төрөлд ор дэвсгэрийн бясаа ( Cimex Lectularius L) хамрагдах бөгөөд энэ нь орон сууцны ахуйн хортон , хүний жинхэнэ паразит бөгөөд бүх дэлхийн бөмбөрцгөөр өргөн тархсан шавж юм.
Бясааны биеийн гадаад дотоод бүтэц. Ор дэвсгэрийн бясааны их бие хавтгай, биеийн гадарга богинохон үсээр хучигдсан, хар хүрэн өнгөтэй байдаг. Толгой. Бясааны толгой хажуугаар нийлмэл нүд, тэдгээрээс урагш 4 үетэй сахал байрлана. Толгойн урд захаас хошуу гарах бөгөөд амьтдын арьс, эд эрхтэнг хатгах цус сороход зохилдсон байна. Дээд доод эрүү үелээгүй, хатгуур хэлбэрийн өргөс болсон, дээд эрүүний үзүүрт шүдтэй, түүний дотоод гадарга дээр хоёр хатгууртай, дээд хатгуур нэлээд өргөн, доод талынх нарийн байдаг. Бясаанд уруул эрүүний тэмтрүүл байхгүй.
Бясааны биологи, экологи
Залуу эм бясаа тасалгааны температурт цус сорсны дараа хоёр хоноод өндгөө гаргана. Бясааны өндөг төрөлт таван хоног үргэлжилж дахин цус сорох хүртэл төрөлт буурна. Цус сорсон үед өндөгний хөгжил жигд явагдана.
Өндөг. Бясааны өндөг зууван хэлбэртэй, хурц үзүүртэй, өндөгний орой ташуу хэрчигдсэн тагаар хучигдсан тэр нь авгалдай гаргахад нээгдэнэ. Бясаа өөрийн амьдрах тохиромжтой байр болсон модон эдлэлийн ан завсар, цаасны нугалаа, эд материалд өндгөө гаргана. Өндгийг тухайн байр юмсад урт зүйлээр наалдуулан бэхлэх бөгөөд усанд амархан уусна.
Авгалдай. Бясааны бясааны авгалдай таван удаа гуужиж нас бие гүйцнэ. Авгалдайн хэвэл дугуйрсан, бэлгийн гадаад эрхтэн байхгүй, хоёр үе бүхий савартай байдгаараа бие гүйцсэн бясаанаас ялгарна. Авгалдай эхнийхээ шатанд 1,2 мм, гуужилтын 5 дахь шатанд 5 мм хэмжээтэй болдог. Авгалдай цус сорох тутам дараачийн шатанд шилжих хугацаа богиносно. Зуны дулаан улиралд бясааны тоо толгой маш хурдан өсөж байдаг. Хэрэв тухайн байранд хоол тэжээл байхгүй бол хоол тэжээл эрж салхивч, өөр байранд шилжих, зуны улиралд гадна талын ханаар дамжин гарна.
